
Гарднереллез
Гарднереллез - үтрээний хэвийн орчин өөрчлөгдсөний дүнд үүсдэг. Хэвийн үед үтрээнд лактобацилл буюу сүүн хүчлийн нян давамгайлж байх ёстой байдаг. Эдгээр нянгууд сүүний хүчил болон устөрөгчийн хэт исэл үүсгэн болзолт эмгэг төрөгчийн ургалтанд саад болж байх үүрэгтэй. Үтрээний хэвийн нянгийн бүрэлдэхүүнд Gardnerella vaginalis, Mycoplasma hominis болон зарим нэг агааргүйтэн нян (Mobiluncus) бага хэмжээтэй байж болдог байна. Дараахи хүчин зүйлийн нөлөөн доор эдгээр нянгуудын тэнцвэрт байдал алдагдаж сүүний хүчлийн нян багасаж Gardnerella vaginalis, Mycoplasma hominis ихэссэнээр гарднереллез үүснэ.
Нөлөөлөх хүчин зүйлс:
-үтрээний угаалга (ердийн саван, зориулалтын шингэн )
- жирэмснээс хамгаалах зориулалтай хэсэг газрын лаа, тосон түрхлэг, шахмалууд хэрэглэх
- 9-ноноксинол г.м. эр бэлгийн эсийг дарангуйлагч тостой бэлгэвч хэрэглэх
- бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн хавьтагчаа солих
- өргөн хүрээний антибиотик хэрэглээ
- өргөн хүрээний үйлдэлтэй үтрээний лааны зохисгүй хэрэглээ
- хэт бариу дотуур хувцас өмсөх, агаар нэвтрүүлдэггүй өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл удаан хугацаанд хэрэглэх
Халдварлалт: хэдийгээр БЗХӨ-д тооцогддоггүй боловч, бэлгийн замаар халдаж болдог, эрэгтэйчүүдэд тохиолддог байна.
Шинж тэмдэг:
- эмэгтэйчүүдэд шингэн усархаг, хөөсөрхөг, муудсан загасны мэт маш эвгүй үнэртэй цайвар шаргал, эсвэл цэхэр ялгадас үтрээнээс гарна
- эрэгтэйчүүдэд шээхэд хорсох, хатгах, шээснээс бага хэмжээтэй цэхэр ялгадас гарах, шээсний сүвний амсар улайх, бэлэг эрхтэнээс таагүй үнэр гарах г.м. шээсний сүвний үрэвслийн шинж тэмдэгээс гадна бөөр ууц нуруугаар өвдөх чилэх зовиур илэрч болно
Хүндрэл: эмэгтэйчүүдэд өндгөвч, үрийн хоолойн үрэвсэл, үргүйдэл, дутуу төрөлт, жирэмсний явц болон төрөлтийн хүндрэлийн нэг гол шалтгаан болдог байна. Харин эрэгтэйчүүдэд бөөрний болон түрүү булчирхайн үрэвслээр хүндрэх нь элбэг байна.