11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Шүлэг

Шүлэг

           ЭРЧҮҮЛД ХЭЛЭХ ҮГ            Анд Ч.Цэдэн-Ишдээ зориулав
Эрүүлээс илүү жаргал гэж үгүй
Эмчээс илүү бурхан гэж үгүй
Биед зовиургүй, сэтгэлд гуниггүй явъя гэвэл
эмнэлгийг зорь!
Бэрхэд нугаралгүй, архинд авталгүй явъя гэвэл
эрүүлийг хүс!
Айл гэрийн минь амьдрал эрчүүл бидэнтэй холбоотой
Алаг үрсийн минь заяа эрчүүл биднээс уяатай
Амраг ханийн мишээл эрчүүл биднээс хамаатай
Амьд явахын учир эрүүл биеэс шалтгаантай
Саруул сайхан ухаан эрүүл биед л оршино
Гэгээн сайхан царай эрүүл биед л гэрэлтэнэ
Алтан ордонд суувч өвчинтэй бол жаргалгүй
Албаны өндөрт мориловч эмгэгтэй бол энэрэлгүй
Мөнгө төгрөг байвч амандаа хийж зажлахгүй
Өнгө зүс доройтож, араандаа амтатныг амтлахгүй
Эд баялаг байлаач эрүүл энхийг орлохгүй
Эхнэр хичнээн сайхан ч өвчтэй бол жаргаахгүй
Эрүүл байж гэмээнэ наадмаа үзэж баясна
Эрүүл байж гэмээнэ найрын эхэнд ханхайна
Өрх гэрийнхээ хойморт эзэн байж жаргана
Эхнэр хүүхдийнхээ дэргэд эцэг байж хүндлүүлнэ
Эрчүүл бидний хаягтай эмнэлэг байхыг харав уу?
Эртхэн энд ирвэл эрүүлжээд гардаг юм шүү!
Эрүүлээс илүү жаргал гэж үгүй
Эмчээс илүү бурхан гэж үгүй
Эх үрсийн заяа та биднээс хамаатай
Айл өрхийн амьдрал та биднээс уяатай
Хоймор залрах уул болсон эрчүүл минь
Хийморио бадрааж, эрүүлээ эрхэмлэж биеэ тордоцгооё!

Төрийн соёрхолт
Ардын яруу найрагч Ш.Сүрэнжав 2001-05-26