
Шээсний сүвийн наалдацын шинжилгээ буюу мазокийн шинжилгээ
Шээсний сүвийн наалдацын шинжилгээ буюу мазокийн шинжилгээ нь БЗХӨ илрүүлэхэд хамгийн өргөн ашиглагддаг, хамгийн их будлиан тарьдаг шинжилгээ бол наалдацын шинжилгээ юм.
Энэ шинжилгээг хийхдээ биологийн материалыг нимгэн шилэн дээр нялаад микроскопоор үзэж шинжилдэг. Материалыг нативаар буюу будахгүйгээр эсвэл тусгай будгаар будаж хардаг. Шилэн дээр бэхжүүлж будсан материалаа микроскопоор харж шинжилнэ. Лаборант уг шинжилгээг хийснээр эрэгтэй хүний шээсний сүвэнд (шээсний сүвний амсарт орж 2-4см хэсэгт) үрэвсэл байгаа эсэх, цусны цагаан эс буюу лейкоцитыг тоолно. Лейкоцитын тоогоор үрэвсэл хэр өндөр явагдаж байгааг мэдэж болно, мөн лейкоцитын байдлаар шинэ хуучин үрэвсэл болон эмчилгээ хэр явагдаж байгааг бас мэдэж болно.
Эрэгтэй хүний шээсний сүвэнд үрэвсэл байгаа эсэхийг тогтооход ашигладаг шинжилгээ. Ерөнхийдөө наалдацын шинжилгээ 30% нарийвчлалтайгаар БЗХӨ илрүүлдэг гэж үздэг тиймээс нэмэлт шинжилгээ заавал хэрэг болдог.
Наалдацын шинжилгээ өгөхөд сайн бэлдэх хэрэгтэй .14х антибиотик хэрэглээгүй. 1-2 хоног бэлгийн харьцаанд ороогүй, урьд орой нь бэлэг эрхтэнээ угаасан, өглөө нь шээлгүй шинжилгээ өгөх, бүр болохгүй бол 4 цаг шээлгүй байж шинжилгээ өгнө. Шээсний сүвэнд үржсэн нянгууд, үрэвслийн идээг шинжилгээнд авдаг тул үрэвсэл дөнгөж эхэлж байгаа үед шээсний дараа шинжилгээ авахаар ямар нэгэн өвчин байгааг илрүүлж чадахгүй байж болно учир нь шээсээр угаагдчихсан шинжилгээ авахаар материал үлдээгүй байж болно.
Наалдацын шинжилгээн дээр юу үздэг вэ?
Лейкоцитууд- цусны цагаан эсүүд буюу дархлааны эсүүд. Хүний биеийн бүх хэсэгт эргүүл хийж байдаг. Тиймээс хэвийн үед 1-5 ширхэг шинжилгээн дээр байнга гарч ирдэг. Лейкоцитын тоо олширно гэдэг маань тэнд үрэвсэл, хавдар зэрэг байна, лейкоцитууд олширч үймээн самууныг дарж байна гэсэн үг. Лейкоцитууд маш олон байвал БЗХӨ, нян, хавдар зэрэг асуудал байгааг илтгэнэ.
Эпители- салст гадаргуугаас ховхорсон эсүүд юм. Цөөн тоогоор шинжилгээн дээр байх нь хэвийн үзэгдэл боловч ихээр илэрвэл сүвэн дотор эмгэг процесс явагдаж байна элдэв нян, БЗХӨ байгаа гэсэн шинж тэмдэг болно. Лейкоцит олширсон, эпители их гуужсан байвал хурц үрэвсэл явагдаж байгаа, лейкоцит арай цөөн эпитель маш их байвал архаг үрэвсэл байна гэж үзнэ мөн гэмтэл, хавдар, шархлаа, халдвар байгааг илтгэдэг.
Салс- шээсний сүвэнд багахан хэмжээгээр бол байдаг харин ихдээд ирвэл эмгэг төрөгч нянгууд илэрдэг. Жишээ нь диплококкууд, трихомонад, мөөгөнцөр, коккууд, хламид гэх мэт эмгэг төрөгч биетүүд байж байдаг. Салс ихтэй, эпитель ихтэй гарвал далд нуугдмал халдвар байж болзошгүй.
Коккууд- бичил биет- микрофлор хэвийн үед шээсний сүвэнд элдэв нянгууд байнга байдаг. Хурьцал үйлдсэний дараа сүвэнд үтрээнээс олон төрлийн нян орж ирдэг тэглээ гээд эрэгтэй хүний шээсний сүв үрэвсээд байдаггүй. Хэрэв шинжилгээн дээр олон тооны бичил биет илэрч лейкоцит олширсон байвал сүвний хэсэг газрын дархлааг давж эмгэг төрөгч нянгууд орж ирэн үрэвсэл үүсгэж буйг илтгэнэ.
Диплококк- трихомонад, мөөгөнцөр хэвийн үед шинжилгээн дээр илрэх ёсгүй. Шинжилгээн дээр диплококк гарвал гонококк (заг хүйтэн), трихомонад илэрвэл трихомонадын халдвар авсан гэдгийг үзүүлнэ.
Давуу тал- Наалдацын шинжилгээ нь энгийн, түргэн, хялбар, хямд байдаг тул их өргөн ашиглагддаг. Тиймээс хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсоны дараа хамгийн түрүүнд хийгддэг шинжилгээ юм.
Сул тал- Наалдацын шинжилгээ нь шинжилгээ авч байгаа эмчийн туршлага, шинжилгээ хийх лаборантын туршлага, стандартын дагуу авч байгаа байдал зэргээс их хамаардаг. Хүний нөлөөтэй алдаа их гардагшинжилгээ учраас дан ганц энэ шинжилгээггэр онош тавих үндэслэл болгохгүй нэмэлт шинжилгээнүүд давхар хийгдэх ёстой.Аливаа шинжилгээний хариуг зөвхөн эмч дүгнэлт гаргаж онош тавих ёстой.