11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Туяхан турьхан туранхай Юндэн Гөөгөө

Туяхан турьхан туранхай Юндэн Гөөгөө

Монгол түмний маань  дунд Юндэн Гөөгөө гэдэг дүр маань жинхэнэ эр хүний төрх гэж бууж ирдэг. Дурлавал дурласан шиг дурладаг, үнэнч шударга, цэцэн цэлмэг, сэргэлэн цовоо, царайлаг нуруулаг, турьхан туяхан туранхай эр хүнийг төсөөлдөг. Үнэндээ аль ч улс үндэстэнд эр хүнийг туяхан турьхан туранхайгаар төсөөлдөггүй болов уу. Эрүүл чийрэг, хатан зоригтой, баатарлаг эр хүний дүр дандаа булчинлаг биетэйгээр төсөөлөгддөг. Булчин гэдэг бол нэг ёсондоо эр хүний нэрийн хуудас болдог. Булчинлаг эр хүнийг гэр бүлээ хамгаалах чадалтай, эрүүл үр удам үлдээх чадвартай ,эрүүл саруул гэсэн ойлголт эмэгтэй хүнд төрж, тийм хүнтэй сууж гэр бүл болж үр хүүхэдтэй болохыг хүсдэг далд ухамсар нь бас тэгэхийг шаарддаг.Ингэхэд булчин гэж юу вэ? Булчин гэдэг нь мэдрэлийн цочролын нөлөөгөөр агших чадвартай уян хатан эдээс бүтсэн эрхтэн юм.Үүрэг: Их биеийн булчингууд хүнийг хөдөлгөж, орон зайд тэнцвэртэй байлгана. Зүрхний болон судасны дотор хананы булчингууд бүх эд эрхтэнд цус түгээнэ. Нүүрний булчингууд сэтгэл хөдлөл илэрхийлэх болон зажлах үүрэгтэй. Нүдний булчингууд нүд хөдөлгөх харах, залгиур төвөнхний булчингууд дуу авиа гаргах, цээж өрцний булчингууд амьсгалахад, ходоод гэдэсний булчингууд хоол боловсруулахад, давсаг аарцагны булчингууд шээс гадагшлуулах, түрүү булчирхайн булчин үрийн шингэн гадагшлуулах гэх мэт. Булчингуудын үйл ажиллагаанаас хүний бүх эд эрхтэний үйл ажиллагаа хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл булчин гэж ярихаар зөвхөн гар хөлийн булчингуудыг хэлээд байгаа юм биш. Булчингийн чанар муудахаар дээрх бүх үйл ажиллагаанд доголдол гардаг.Булчин бол зүгээр л нэг агшиж сунадаг эрхтэн биш, булчин бол дотоод шүүрлийн эрхтэн юм. Өөх гэдэг нь зүгээр л нэг тосны хуримтлал биш олон тооны муу даавар, биологийн идэвхит бодис ялгаруулдаг эрхтэн байдаг яг түүнтэй ижил. Өөхний эдээс адипокин гэдэг бодис ялгардаг бол булчингаас миокин гэх бодисууд ялгардаг. Одоогоор 23 төрлийн миокинуудыг илрүүлж нээсэн байгаа. Хамгийн гол нь миокинууд булчин агшихад үүсдэг. Хөдөлгөөний дутагдалтай, хэвтэрийн хүмүүст маш бага миокин үүсдэг. Миокинууд бүх эд эрхтэнд нөлөөлдөг. Элэг, бөөр, судас, тархи, нойр булчирхай зэрэг бүх эд эрхтэнд эерэгээр сайнаар нөлөөлдөг. Харин өөхнөөс ялгардаг адипокин эсрэгээр судас, эд эрхтэнүүдийг гэмтээж өвчин эмгэг үүсгэдэг. Илүүдэл өөхтэй байна гэдэг ямар муу билээ яг түүн шиг сайн булчин их байх нь биед төдий чинээ сайн.Булчингийн тоо ширхэг болон чанарт асуудал үүсэхийг саркопени гэдэг.Саркос-булчин ,Пения-дутагдал .Булчин бага, чанар муутай болсон гэсэн утгатай. Албан ёсны тодорхойлолтоор Саркопени гэдэг нь бүх биеийн булчингийн тоо хэмжээ, хүч, масс нилэнхүйдээ буурч улмаар хөдөлгөөний алдагдалд хүргэдэг, амьдралын чанар бууруулдаг, үхэлд хүргэдэг хам шинж юм. Булчингийн масс 35-40 наснаас жилд 1%-иар буурч, булчингийн ажиллагаа хүч 1,5-3%-иар буурдаг. 50-аас дээш насны 1/3, 80-аас дээш насны 50% нь саркопени тохиолддог. Америкийн өвчин эмгэг судлалын хүрээлэнгээс (CDC) мэдээлснээр 65-с дээш насны хүмүүсийн үхэлд хүргэдэг 5 үндсэн шалтгааны 1 нь саркопени гэж хүлээн зөвшөөрчээ.Насны доройтолд (Frailty syndrome) орсон хүн эрүүл мэнд дордсон асаргаа хэрэг болсон, явахын тулд таяг тулах хэрэг болдог. Ийм байдалд хүргэдэг 1 шалтгаан саркопени. Өндөр настай болсоноор саркопени болохоос гадна хэвтэрийн дэглэм, хөдөлгөөн багатай амьдрал, жингүйдэл, архаг хууч өвчнүүд, шим тэжээл муутай хоол, мах иддэггүй цагаан хоолтон, гэдэсний шимэгдэлт муудсан зэрэг олон шалтгаанаас болж үүсэж болно. Саркопенитэй настай хүн явганаас бүдэрч унаад ясаа хугалчихдаг, нүдний булчингууд саркопенитэй болвол хараа муудна.Саркопени таргалалт (sarcopenic obesity) гэсэн ойлголт байдаг. Булчин багатай таргалалттай хүмүүсд ийм онош тавигддаг. Дан таргалалттай хүнээс саркопеник таргалалттай хүний биеийн байдал илүү муу гэж үздэг.

Саркопенийг ангилахдаа: Катаболик саркопени-Анаболик стеройд даавруудын дутагдлаас үүсдэг. Анаболик стеройд даавар нь уураг нийлэгжүүлдэг, өсөлтийг дэмждэг. Үүнд тестостерон, прогестерон, Д витамин, эстроген, өсөлтийн даавар орно. 45 наснаас хойш дааврууд багасаж тэнцвэрт байдал алдагдаж, улмаар булчингийн эдийн задрал явагдаж саркопени үүсдэг.Кортизол буюу стресс даавар ихэсвэл булчингийн эдүүд задардаг.Хүн сайн унтаж байхгүй бол стрессд өртөж кортизол нэмэгдэж улмаар булчин багасна.Метаболик саркопени- булчинг тэтгэх хангалттай тэжээл багассанаас болно. Булчингийн эсүүд байнга хуваагдаж үхэж үржиж байдаг. Шинээр эс үүсэхэд шаардлагатай хоол хүнс тэжээлийг хүн өдөр бүр тогтомол хэрэглэх хэрэгтэй. Улаан мах тэр дотроо адууны мах хамгийн сайнд тооцогддог. Маханд булчинд шаардлагатай төмөр ,уураг,В12 зэрэг маш олон хэрэгцээт бодис агуулагддаг. Төмөр дутагдал цус багадалтаас болсон саркопени цагаан хоолтонгуудад их үүсдэг.Гипокси буюу О2-н дутагдлаас үүдэлтэй бас саркопени үүснэ энэ үед булчин чанартай ажилдаггүй . Булчин ажиллахад агшихад энерги шаардлагатай байдаг тэр энерги хүчил төрөгчийн тусламжтай үүснэ.Хүчил төрөгчгүй орчинд гал асдаггүйтэй адил. О2, цус багадалт, төмөр дутагдал нь булчингийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлнө.
Үйл ажиллагааны саркопени- Спортоор огт хичээлэлдэггүй, хөдөлгөөний дутагдалтай, өвчин эмгэгийн улмаас хэвтэрт байдаг хүмүүст саркопени үүсдэг.Маш их спортоор хичээллэхээр булчин багасдаг, гүйлтийн мэргэжилийн тамирчдад энэ асуудал бас үүсч болно.Саркопени маш аймшигтай таргалалтаас илүү аймшигтай. Таргалалт саркопени 2 хавсарсан бол хамгийн аймар зүйл. Булчин бол бидний эрүүл мэндийн суурь. Саркопени тахир дутуу ,ажил хөдөлмөрийн чадваргүй болдог 1 хүчин зүйл гэж ДЭМБ зарласан. Булчингийн масс бидний бодисын солилцооны суурь. Зөв бодисын солилцоо явагдаагүйгээс болж чихрийн шижин үүсдэг. Чихрийн шижинг бодисын солилцоог хэвийн болгож булчингийн массыг нэмж байж эмчилдэг.Саркопениг яаж оношлох вэ?Био импедансын шинжилгээ (bodycomposition analysis) ашиглаж булчингийн хэмжээ хэр их байгааг шалгадаг. Одоо ихэнх том эмнэлэг болон фитнесс төвүүд дээр хийгдэж байгаа. Био импедансын шинжилгээ дээр булчин хэр их байгаа, дотор өөх, уураг, усны хэмжээ ямар байгааг нарийвчлан гаргаж ирдэг. Орчин үеийн ухаалаг жингүүд ч мөн адил товч хэлбэрээр биеийн бүтцийг үзэх чавдартай болсон. Булчингийн хэмжээ тоог гаргахаас гадна хүч болон ажиллагааг шалгах хэрэгтэй. Том их хэмжээтэй булчинтай боловч чанарын асуудалтай байж болдог.Булчингийн чанарын хүчийг динанометр гэдэг атганд багтах бяцхан энгийн төхөөрөмжөөр шалгаж болдог. Динамометр атгахад эмэгтэй хүн 31-50кг, эрэгтэй хүн 45 кг-с дээш атгаж тогтоож байвал булчингийн үйл ажиллагаа сайн байна гэж үзнэ. Динанометрээр шалгах нь эмнэлзүйн хэтийн төлөвийг илүү сайн тодорхойлдог.Гэртээ өөрийгөө шалгах энгийн арга байдаг, 2 гараа алдлаад баруун өвдөгөө өргөөд зүүн хөл дээрээ 30 секунд нүдээ аниад хөдөлгөөнгүй зогсох ёстой. 30секунд хөдлөхгүй зогсож чадаж байвал сайн байна гэж үзнэ. Давсагны булчинг шалгадаг урофлоуметри гэдэг төхөөрөмж байдаг. Шээх хурд хүчээр давсагны булчингийн чанарыг шалгаж болдог.Саркопенийг хараад оношлож болно. Далны мах унжина, хацар зовхи унжина, суга бугалганы арьс унжина, өвдөг тохой дээрх арьс унжина. Настай хүн чичирсэн хоолойгоор ярьдаг, бөгтийдөг, ивэрхий үүсдэг, хоолой дээр юм тээглэх,цагаан мах эргэх энэ бүгд саркопенийн илрэл юм. Саркопенийг яаж эмчлэх вэ?1. Биеийн тамир хөдөлгөөн өдөр бүр тогтмол тодорхой хэмжээний хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Булчин агшиж хөдөлж байж миокинууд ялгардаг гэж дээр дурьдсан байгаа.2. Булчин ихэсгэдэг байгалийн хүчин зүйл нь даавар юм. Залуу хүмүүсд булчин их байдаг нь дааврууд их байдагтай холбоотой. Бэлгийн дааврууд болон бусад даавруудаа багасгалгүй их хэмжээтэй, тэнцвэртэй байлгах нь чухал. Тестостерон, эстроген, прогестрон, өсөлтийн дааврууд нас ахих хэрээр багасдаг. Настай хүмүүс маань тиймээс бэлгийн даавруудаа үзэж даавар нөхөх эмчилгээ хийлгэж байх нь зүйтэй. Бас 1 чухал даавар бол Д витамин Д витамин болон булчингийн хэмжээ хүч шууд хамааралтай. Д витамин бол даавар юм, булчингийн нийлэгжилтийг хариуцдаг анаболик стеройд даавар юм. Д витамины шинжилгээ өгч тогтмол хэрэглэж байх нь маш чухал.3. Хангалттай тэжээллэг, амин дэм эрдэсээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Омега-3 булчингийн хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээ үзүүлдэг. Омега-3 тогтмол хэрэглэснээр булчингийн хүч буурдаггүй сайн талтай. Омега-3 нь булчингийн уургийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг саркопенийн эмчилгээнд ашиглаж байхыг Америкийн эрдэмтэд зөвлөдөг. Магни, төмөр, В витаминууд шаардлагатай бол нэмэлтээр хэрэглэж байх хэрэгтэй. Саркопени наслалттай шууд холбоотой. Булчингийн масс ихтэй хүмүүс илүү урт насалдаг, амьдралын чанар сайн байдаг нь тогтоогдсон. Булчинлаг байхын тулд залуучууд төдийгүй нас өндөр болсон хүмүүс ч дасгал хийж эрүүл саруул байх нь зүйтэй. Булчинлаг залуусыг эмэгтэйчүүд сонгох нь аргагүй. Туранхай залууг бодвол хамаагүй илүү эрүүл байдаг. Эрүүл хүүхэдтэй болж хосоороо урт наслая гэвэл эрүүл чийрэг булчинлаг залууг л сонгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд ч мөн адил өөрт таарсан булчин шөрмөстэй байж эрүүл гоо сайхантай харагддаг. Эрүүл үр удмаа үлдээж чаддаг. Эрүүл байхын тулд, биеийн өвчнөө эмчлэхийн тулд, дархлаа сайжруулахын тулд, эрүүл булчингийн хэмжээ нэмэх хэрэгтэй. Тиймээс эрүүл чийрэг булчинлаг биеийг магтан дуульяа.