11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Тестостерон ба цус төлжилт

Тестостерон ба цус төлжилт

Сонирхолтой нь тестостероныг анх цус багадалт эмчлэх зорилгоор ашигладаг байжээ.Гемопоэз буюу цус төлжилтын механизмийн сүүлийн үеийн судалгаагаар ясны дотор байх цусны үүдэл эсийн амьдрах чадвар, ялгаран хөгжлийг тестостероны ароматаза хувиралд орсон эстрадиол даавар хариуцдагийг тогтоосон. Тестостерон нь мөн эритропоэтин хэмээх цус төлжилтийг идэвхжүүлдэг дааварт андроген рецептороор нөлөөлдөг.  Тестостерон даавар нь ароматаза ферметийн нөлөөгөөр эстрадиол даавар болж хувирдаг. Эстрадиол даавар нь тархины үйл ажиллагаа, үений шингэн, арьс үтрээний чийгшил, ясны нягтаршил зэргийг хариуцдаг маш чухал даавар. Америкийн эрдэмтдийн судалгаанд тестостерон тарьсаны дараа эритропоэз буюу цусны улаан эс үүсэх процесс идэвхижиж сарын дараа гэхэд гематокрит ихсэж цус өтгөрсөн байна. Тестостероны тарьсан тунгийн хамааралтайгаар шугаман өсөлтөөр цус төлжижээ. Судалгаан дээр (19-35) насны залуучуудаас илүүтэйгээр (60-75) насны ахмад хүмүүсийн цус төлжилт илүү сайн явагджээ. Америкийн эмнэлзүйн зөвлөгөөнд гематокрит 50%-с дээш буюу цус өтгөрсөн  байхад тестостерон тарихгүй байхыг зөвлөдөг. Европын эмнэлзүйн зөвлөгөөнд гематокрит 54%-с дээш бол тарьдаггүй.Харин Канадын эмнэлзүйн зөвлөгөөнд хязгаар заагдаагүй харин эмчилгээ эхлэхэд цусны шинжилгээ хийх, цаашид 3сар тутамд хянахыг зөвлөдөг. Эритроцитоз буюу цусны улаан эс хэт олширвол цээж хэвлий өвдөх, ядрах, толгой өвдөх, хараа муудах зэрэг шинж илэрнэ. Артерийн тромбоз буюу судас бөглөрөх хүртэл хүндрэл үүсэж болно. Тиймээс тестостерон даавар нөхөх эмчилгээ хийлгэж буй хүмүүс 3 сар тутамд цусны шинжилгээ өгч цусны өтгөрөлөө хянах мөн цус шингэлэх эмчилгээ хийхийг зөвлөдөг. Цус багадалттай эмэгтэйчүүдэд ч цус төлжүүлэх зорилгоор , ясны сийрэгжилт, булчингийн сулрал, дааврын дутагдалын үед тестостерон нөхөх эмчилгээ хийж болдог. Гэхдээ эмэгтэйчүүдэд ашигладаг тестостероны бэлдмэлүүд Монголд байдаггүй.