11-328378      info@tse-pu.mn
link 1
link 2
link 3

Тэмбүү

         Тэмбүү:  цайвар трепонемаар (Treponema pallidum)  үүсгэгддэг олон эрхтэн системийг хамардаг (мэдрэлийн систем, дотор эрхтэн) удаан явцай бэлгийн замын хамгийн эртний өвчин юм.
Халдварлалт: Үтрээ, ам, шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох үед халдвар авна. Жирэмсэн үед эхээс урагт халдварлана. Мөн халдвартай цус юүлэх үед халдвар авна. Тэмбүүгийн бүхий л хэлбэрийн тууралтууд арьс салстын бүрэн бүтэн байдал алдагсан үед халдвартай.  Ахуйн халдварлалт (суултуур, аяга таваг, алчуур, сам г.м.) маш ховор учир нь цайвар трепонем нь гадаад орчинд тэсвэр муутай байдаг. 1-р үеийн тэмбүү хамгийн өндөр халдварлалттай байдаг.
Нууц хугацаа: халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа тэмбүүгийн шарх гардаг. 2-6 долоо хоног болон хэлбэлзэж болно.
Шинж тэмдэг:  Тэмбүү өвчин нь үе шатаасаа хамаарч  маш олон шинж тэмдэгээр илэрдэг. 3 үе шаттай явагдана:
- 1-р үеийн тэмбүү: нууц хугацаа өнгөрсний дараа нян орсон газар (үтрээ, шулуун гэдэс, ам г.м.) хатуу суурьтай, эмзэглэлгүй шарх гарна. Шарх гарснаас 1-2 долоо хонгийн дараа  ойрхи тунгалагийн булчирхай томорно (цавины, эрүүн доорхи г.м.). Шарх нь аяндаа  3-6 долоо хоногийн дараа шимэгдэнэ.
- 2-р үеийн тэмбүү: шарх гарснаас 4-10 долоо хоногийн дараа (халдвар авснаас 2-4 сарын дараа) эхлэнэ. Хөл, гар, алга, ул, биеэр цайвар өнгөтэй, ямар нэгэн зовиургүй бүдэг ягаан толбон тууралт гарна. Зарим тохиолдолд тууралт гарах үед толгой өвдөх, бие сулрах, халуурах шинж тэмдэг хавсарч болно. 2 –р үеийн тэмбүүгийн үед тууралт алга болох, эргэж гарах гэсэн байдлаар ээлжилдэг. Тууралт дахин дахин гарах бүрт хэмжээ, тоо нь багасаж бүдэг болдог. Тууралт  нь толбо, гүвдрүүт, идээт,  цэврүүт  г.м. маш олон янзын байдлаар  илэрдэг ба бусад арьсны болон харшил хордлогын  гаралтай өвчнүүдтэй андуурагддаг. Мөн 2-р үеийн тэмбүүгийн үед арьсны өнгө өөрчлөгдөх, толгойн үс унах, хошного, бэлгийн их уруул орчим өргөн суурьт ургацаг гардаг.
- 3-р үеийн тэмбүү:  халдвар авснаас 3-6 жилийн дараа эхлэнэ.  Арьс, салст гэмтэхээс зүрх, элэг, мэдрэлийн систем, үе мөч, яс зэрэг тулгуурын эрхтэн гэмтэж сэтгэцийн өөрчлөлттэй болох, сохрох, үхэлд хүргэх аюултай.
- төрөлхийн тэмбүү: төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийн 25% хүртэлхи хувь нь амьгүй төрөх эсвэл төрсний дараа нас бардаг. Эрт үеийн болон хожуу үеийн төрөлхийн тэмбүү гэж ангилдаг. Төрснөөс хойш 2 нас хүртэлхи хугацаанд  шинж тэмдэг гарахыг эрт үеийн төрөлхийн тэмбүү гэнэ.  Энэ үед арьс хөхөлбөр саарал, тэмбүүгийн тууралттай, элэг дэлүү томрох, цус багадалттай, янз бүрийн хөгжлийн гажигууд гарна. 2 наснаас хойш хугацаанд хожуу үеийн төрөлхийн тэмбүү нь яс, шүд, нүд, сонсголын эрхтэн, тархинд өөрчлөлт гарах байдлаар илэрнэ.