
Түрүү булчирхайн үрэвсэл
Түрүү булчирхайн үрэвсэл нь урологийн практикт тохиолддог тулгамдсан, бүрэн шийдэгдээгүй асуудлуудын нэг юм. 20-50 насны хооронд хамгийн элбэг тохиолддог урологийн өвчин бөгөөд 50-аас дээш насны эрчүүдэд тохиолдох өвчнүүдийн 3-т жагсдаг. Бэлгийн бойжлоос өмнө түрүү булчирхайн үрэвсэл тохиолдох нь нэн ховор. Газар зүйн байрлалаас хамаарч дулаан уур амьсгалтай газар 35 % , хүйтэн цаг ууртай газар 70 хүртэл хувь нь түрүү булчирхайн үрэвсэл тохиолддог. Түрүү булчирхайн томрол буюу хоргүй хавдарын 85 % нь түрүү булчирхайн үрэвсэлтэй хавсарч тохиолддог.Дунджаар 20-50 насны эрчүүдийн 30 % нь түрүү булчирхайн үрэвсэл тохиолдох боловч цаг уур ,суугаа ажлын нөхцөл, амьдралын буруу хэв маяг, эдийн засгийн байдал,суурь хүмүүжил, ахуйн соёл зэргээс хамаарч манай оронд дулаан бүсийн орнуудаас түрүү булчирхайн үрэвсэл илүү элбэг тохиолддог. Хөдөлмөрийн насны эрчүүдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг учир түрүү булчирхайн үрэвсэл нь нийгмийн чухал асуудал юм.
Түрүү булчирхайн үрэвсэл ангилал
Түрүү булчирхайн үрэвслийн маш олон ангилал байдаг боловч одоо хүртэл төгс боловсронгуй нэгдсэн ангилал байхгүй байсаар байна. 1995 оноос түрүү булчирхайн үрэвслийг
1. Хурц үрэвсэл: Түрүү булчирхайн хурц үрэвсэл нь гэнэт хурцаар эхэлдэг.
2. Архаг үрэвсэл (нянгийн гаралтай) : Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь архаг удаан явцтай .
Түрүү булчирхайн нянгийн гаралтай архаг үрэвсэл нь тодорхой нянгуудаар үүсгэгдсэн байдаг.
3. IIIA Архаг үрэвсэл (нянгийн бус ): (Түрүү булчирхайд массаж хийсний дараах түрүү булчирхайн шүүрэл болон шээсэнд дотор нян илрээгүй , лейкоцит олширсон бага аарцагны өвдөлтийн шинжүүд илэрсэн байна. )
4. IIIБ Бага аарцагны өвдөлтийн архаг хам шинж: Шинж тэмдэг байвч шинжилгээн дээр үрэвсэлгүй байна.
5. Шинж тэмдэггүй үрэвсэл : Түрүү булчирхайн шүүрэл дотор үрэвсэл үүсгэгч илрэвч өөрт нь зовиур байхгүй.
2003 онд эрдэмтэн судлаач Лоран О.Б, Сегал А.С нарын 2680 өвчтөн дээр хийсэн судалгаагаар түрүү булчирхайн хурц үрэвсэл 5,9%, нянгийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл 6,8%, нянгийн бус гаралтай түрүү булчирхайн үрэвсэл 87,3 % -ийг эзэлж байсан байна.
Нянгийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
Түрүү булчирхай дотор байрлах үрэвсэл үүсгэгчийн илрэх шинж тэмдэг дээр үндэслэн оношлоно.Түрүү булчирхайн архаг үрэвсэл гэж түрүү булчирхай дотор 3 сараас цааш хугацаагаар байгаа үрэвслийг хэлнэ. (EAU 2010)
Түрүү булчирхайн архаг үрэвсэл / Аарцагны өвдөлтийн архаг хам шинж
3 сарын хугацаанд бэлгийн үйл ажиллагаа алдагдан, аарцаг болон шээсний замын өвдөлт зовиур илэрдэг. Түрүү булчирхайн шүүрэл дотор үүсгэгч илрэхгүй ч цагаан цогцос олширсон байна. Энэ хэлбэрийн түрүү булчирхайн үрэвсэл хамгийн элбэг тохиолдоно. Одоо үед хамгийн их маргаантай судлагдаж байгаа хэлбэр бөгөөд түрүү булчирхай доторхи үрэвслийн явц болон өвчтөнд үүсэх зовиур хоорондын хамаарал байдаггүй.
Түрүү булчирхайн үрэвслээс гадна аарцагны архаг өвдөлтийн шалтгаан нь доорхи өвчнүүдээс болдог.
- Нуруу нугасны гажиг
- Аарцагны мэдрэлийн зангилааны үрэвсэлт өвчнүүд
- Аарцаг венийн судасны өргөсөл
- Вирусын халдвар , ауто иммуны өвчний үед
- Шулуун гэдэсний шархлаа ,үрэвсэл
- Цавьны ивэрхий
- Архаг олгой гэх мэт
Шинж тэмдэггүй түрүү булчирхайн үрэвсэл нь өвчтөнд ямар ч зовиур болон өөрчлөлт илрэхгүй. Урьдчилан сэргийлэх , үргүйдэл,шээсэн дэх лейкоцит олширсон, PSA өндөр гарсан зэрэг шалтгаанаар түрүү булчирхайн шинжилгээ өгөхөд илэрдэг.
Шалтгаан ба эмгэг жам
Бичил биет түрүү булчирхай дотор орсноор халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл үүсгэнэ.Халдвар орох 3 зам байдаг.
- Өгсөх (шээсний сүвээр дамжина.)
- Уретро простатик рефлюкс бөөр давсагны үрэвслийн үед шээсээр дамжин орно.
- Уретро веноз рефлюкс аарцагны үрэвсэлт өвчнүүдийн үед цусаар дамжин орно.
- Цусаар дамжина
- Лимф тунгалагаар дамжина
- Шууд халдвар (шулуун гэдэснээс)
Нянгийн гаралтай түрүү булчирхайн үрэвслийг гол үүсгэгч нь грамм (-) энтеробактери түүн дотроо Escherichia Coli 50-80% үүсгэдэг. Эмэгтэйчүүдийн шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэдэг E-coli штамтай адил хэмжээний хоруу чанартай байдаг. Энтробакерийн бусад төлөөлөгч болох Кlebsiella. Spp. Entrobacter faecali,Proteus mirabilis,Serratia spp,pseudomonas aeruginosa г. м 10-40 % нь илэрдэг.
Грам(+) бичил биет болох Enterucossus straphylococus түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг эсэх талаар одоо хүртэл бүрэн судлагдаагүй байгаа.Түрүү булчирхайн нянгийн бус гаралтай түрүү булчирхайн архаг үрэвслийн үүсэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй . Нян ургуулах микробиологийн шинжилгээг хийхэд үр дүн багатай байдаг.
Түрүү булчирхайн архаг үрэвсэл CP III түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй өвчтөнүүдэд үрэвсэл үүссэн хугацаатай нь шууд хамааралтайгаар антибиотик эмчилгээ хийхэд 70 % нь үр дүнтэй байдаг боловч дээр дурьдагдсан нянгууд антибиотикт мэдрэг бус болох магадлалтай. Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг маш олон бичил биетүүд байгаа Chlamydia trachomatis,Trichomonas vaginalis, Neiseria gonorrhea, Korinebactery зарим вирусууд үрэвсэл үүсгэдэг. Хламидия трохоматис хамгийн их хоруу чанартай учир илүү их судлагдаж байгаа. Эсийн дотор амьдардаг хламидия, уреаплазмо, микоплазмаар үүсгэгдсэн түрүү булчирхайн үрэвсэл нь шинж тэмдэггүй , шинж тэмдэг багатай явагддаг.Шинжлэхдээ түрүү булчирхад массаж хийж түрүү булчирхайн шүүрлээс, массажны дараах шээснээс дээж авч молекул биологийн (PCR) аргаар шинжилнэ. Үргүйдэлтэй гэх эрчүүдийн тал % нь түрүү булчирхайн үрэвсэл илэрдэг бөгөөд молекул биологийн шинжилгээгээр U.urealiticum,M. hominis буюу нөхцөлт эмгэг төрөгч 37 % нь илэрсэн байдаг.Түрүү булчирхайн архаг үрэвсэл, аарцагны архаг өвдөлтийн хам шинж үүсэх нөхцөл нь аарцагны эрхтэнүүдийн цусан хангамжийн алдагдал (хөдөлгөөний дутагдал, судасны өвчнүүд)
- Доороос даарч хөрөх
- Бэлгийн амьдралын онцлог
- Сэтгэц зан үйлийн өөрчлөлт (депресс, стресс)
Түрүү булчирхай дотор үрэвсэл архагшдаг эмгэг жам бүрэн тодорхой болоогүй гэхдээ доорх онолууд байдаг.
- Уретро простатик (химийн асептик үрэвсэл )
- Түрүү булчирхайн доод хэсэгт нарийсал хаагдлаас болж шээс түрүү булчирхай дотор сөргөж орсоноос болно.
- Шээс гаралтын алдагдал (шээс гарах процесс давсаг, түрүү булчирхай , шээсний сүв, давсны амсарын уялдаат үйл ажиллагаа алдагдснаас, шээсний гаралтад өөрчлөлт орж шээс түрүү булчирхайд шахагдаж орно.)
- Түрүү булчирхайн хэсэг газрын дархлаа суларах :
(Түрүү булчирхайн шүүрлийн найрлага дахь цинк ,нимбэгний хүчил , фруктоз,фосфатаза буурсны улмаас )
- Аарцагны булчингуудын эмгэгээс болно( захын мэдрэлжилтийн үйл ажиллагаа алдагдснаас болно. )
- Дархлааны хүчин зүйл . (аутоиммуны хүчин зүйл)
- Түрүү булчирхайн цусны эргэлтийн алдагдал. (бага аарцагны венийн сүлжээний зогсонгошлоос үүдэлтэй )
- Мэдрэлийн гаралтай хүчин зүйл: (шээсний доод замын мэдрэлийн үйл ажиллагаа алдагдлаас үүдэлтэй)
Түрүү булчирхайн архаг үрэвслийн үед шээсний сөргөө үүсэж халдвартай шээс түрүү булчирхайн цорго дотор орж үрэвсэл , хаван , бөглөрөл үүсгэнэ. Эмгэг төрөгч нянгууд био бүрхүүл үүсгэж амьдрах тааламжтай нөхцөлтэй түрүү булчирхайн цоргуудын захын хэсэгт нэвтэрч ордог.
Аарцагны архаг өвдөлтийн хам шинж нь олон шалтгаант эмгэг өөрчлөлт, ямар нэг хүчин зүйл шалтгааны улмаас үүсээд түрүү булчирхай үрэвсэж, аарцагны мэдрэлжилт,шөрмөс булчингийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Улмаар мэдрэлийн тогтолцоог цочроож, ТМТ тархи, нуруу нугас хамарсанаар архаг нейропатик өвдөлтийн хам шинжтэй болно. Үр дүнд нь өвдөлтийн босго буурч багахан цочролын улмаас өвддөг зовиурладаг болно. Цаашид шалтгаангүйгээр өвдөлт үүсэж бага аарцгийг нилэнхүйд нь хамарсан архаг өвдөлтийн хам шинж үүснэ. Улмаар сэтгэл мэдрэлийн шинжүүд депресс,айдас,бухимдал, гутрал хавсарна.
Оношлогоо
Оношлогооны аргачлал маш олон урьд нь хийсэн шинжилгээ, оношлогооны стандарт , тоног төхөөрөмж зэргээс хамаарна. (EAU 2014.) оношлогоонд доорх хүчин зүйлийг тооцоолох ёстой.
1. Өвчитний эмнэлзүй
2. Шээсний ерөнхий шинжилгээ,нян ургуулах шинжилгээ.
3. БЗХӨ
4. Хоногийн шээсний гарц
5. Урофлоуметрийн үзүүлэлт
6. Үлдэгдэл шээсний хэмжээ
7. Maeres & Staney аргаар 4 аяганы сорил
8. Түрүү булчирхайн шүүрэл
Түрүү булчирхайн үрэвслийн үед 100 гаруй төрлийн шинж тэмдэг мэддэгддэг. Ерөнхийд нь 13 шинж тэмдэгээр авч үзнэ.
1. Хэвлийн доод хэсэг,цавь, төмсөгөөр янгинаж өвдөнө.
2. Хярзан шээсний сүвээр хатгуулна.
3. Үрийн шингэн гадагшлах үед эвгүй мэдрэмж төрнө.
4. Шээс гэнэт хүрнэ.
5. Дүлж хүлээнэ, тасалдаж шээнэ
6. Дур тавихгүй удна
7. Хурдан дур тавьна
8. Дур ханалт , мэдрэмж таашаал буурна
9. Биеийн ерөнхий байдал сульдсан байна.
10. Сэтгэл гутрал
11. Дараагийн хүндрэлийг хүлээх айдас үүснэ
12. Чалх муудна.
Түрүү булчирхайн өвчтөнүүд олон төрлийн зовиуртай байдаг. Тэдгээрийн дотроос хамгийн гол нь өвдөлт юм.
1. Түрүү булчирхай , хярзан орчим өвдөнө.
2. Төмсөн, хуухнаг
3. Шодой
4. Давсаг
5. Ууцаар
Хурц нянгийн гаралтай түрүү булчирхайн үрэвслийг бодвол архаг түрүү булчирхайн үрэвслийг оношлох нь түвэгтэй байдаг.
1999 оноос (NIH-CPSI) Америкийн эрүүл мэндийн институтээс гаргасан асуумжийг өргөн ашигласаар ирсэн. Энэ асуумжаар өвчтөний байдал болон эмчилгээний дараах үр дүнг хянахад ашигладаг. Шээсний гаралтай дүүрэлтийн өөрчлөлтийг тодорхойлохын тулд (IPSS- international prostate symptom score) гэсэн асуумж ашиглана. Бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлтийг (IIEF- international index of erectile function) бэлгийн үйл ажиллагааны индекс асуумжаар шалгана. Өвчтөнийг үзэхдээ заавал хуруугаар түрүү булчирхайг тэмтэрч үзэх ёстой.Түрүү булчирхайн нь хэлбэр , хэмжээ, нягтрал,хатуурал, зангилаа, гадаргуу, голын ховил,хүрээг тэмтэрнэ. Ихэнх тохиолдолд түрүү булчирхай өөрчлөлтгүй байдаг, гэхдээ шулуун гэдэсний элдэв өөрчлөлт өвчнүүдээс ялган оношлож тэмтрэх нь чухал. Мөн аарцагны булчингуудыг байдлыг тэмтэрч тодорхойлно. Хамгийн үр дүнтэй оношлогооны аргаар 1968 онд Staley & Meares нарын боловсруулсан арга гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Уг арга нь шээсний замын үрэвсэл түрүү булчирхайн үрэвслийг илрүүлэх “Алтан стандарт” гэж нэрлэдэг. Түрүү булчирхайн үрэвсэл болон шээсний замын бусад үрэвслийг ялган оношлоход илэрүүлэхэд ашигладаг сонгодог шинжилгээний арга юм. Энэ арга нь шээсний эхний хэсэг 10 мл (шээсний сүвний) , дараах дунд хэсэг (давсагны ), түрүү булчирхайн шүүрэл, сүүлд нь үлдэгдэл шээсийг шинжилнэ. Аяга тус бүрд илэрсэн бичил биетээр үрэвсэл хаана байгааг болон үрэвслийн явцыг тодорхойлж болно. Түрүү булчирхайн үрэвсэлтэй үед 3-4 дэх аяганд нян үрэвсэл илэрдэг.Шээсний сүвний болон давсаг , бөөрний үрэвсэлтэй бол 1,2- р аяганд үрэвсэл илэрдэг. Staney & Maeres арга хэдий үр дүнтэй боловч ажилбар ихтэй тул 2 аяганы сорил нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл шууд түрүү булчирхайд массаж хийж дараа нь шээсний шинжилгээ авна.Түрүү булчирхайн үрэвсэл нь хэсэг газрын халдвар учраас нэг өвчтөн дээр дараалан хийгдсэн шинжилгээнүүд өөр хоорондоо зөрүүтэй гарч болно. Түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүст хэвийн бус бичил биетийн халдвар элбэг байдаг тул нэмэлт шинжилгээ шаардагддаг.Түрүү булчирхайн шүүрэл болон массажны дараах шээсэнд хэвийн бус үүсгэгч илэрүүлэхэд (PCR) молекул биологийн шинжилгээ өргөн ашигладаг.Хэт авиан шинжилгээ (ЭХО) түрүү булчирхайн өөрчлөлтийг оношлоход бас хэрэглэнэ. Хэвлий болон шулуун гэдсээр (T.R.US.) ЭХО-д үзэхэд түрүү булчирхайн бугалаа , шохойжилт,чулуу, үрийн хүүдийн өргөсөл, бүтцийн өөрчлөлтийг илрүүлэхэд ашигладаг.Түрүү булчирхай дотрох үйл ажиллагааны өөрчлөлтийг хэт авиан шинжилгээгээр оношлох боломжгүй байдаг. Шээсний доод замын бөглөрөл, цочролгүй үед урофлоуметри буюу шээсний гарах хурдыг тодорхойлдог шинжилгээ хийгдэнэ. Түрүү булчирхайн хорт хавдар хоргүй хавдар, түрүү булчирхайн үрэвслийг ялган оношлоход P.S.A буюу түрүү булчирхайн өвөрмөц антигеныг цуснаас тодорхойлно. Шинж тэмдэг бүрэн илэрсэн түрүү булчирхайн үрэвслээс гадна шинж тэмдэггүй түрүү булчирхайн үрэвслийн үед ч PSA хэмжээ өөрчлөлтүүдийг нь тогтоогдсон байна. Түрүү булчирхайн антибиотик эмчилгээний дараа PSA нь 1 сарын дараа хэвийн хэмжээндээ ордог. PSA нь хэвийн хэмжээндээ орсноос хойш 3 сарын дараа PSA давтан үзнэ.
Эмчилгээ
Анагаах ухаан сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа боловч түрүү булчирхайн үрэвсэл, аарцагны архаг өвдөлтийн хам шинжийн эмчилгээ нилээн төвөгтэй зарим талаар бүрэн шийдэгдээгүй байгаа . Түрүү булчирхайн архаг үрэвслийн эмчилгээ ерөнхийдөө доорх хэлбэрээр хийгдэж байна.
1. Антибиотик
2. Альфа 1 адреноблокатор
3. Стеройд бус үрэвслийн эмүүд
4. Пентозан полисульфат
5. Физик эмчилгээ
6. Ургамлын гаралтай эмүүд
7. 5 альфа редуктазын ингибиторууд
8. Булчин сулруулагчид
9. Тайвшруулахх сэтгэл гутралын эсрэг эмүүд
10. Сэтгэл зүйн эмчилгээ
11. Гам (хоолны дэглэм, бясалгал, иог)
12. Мэс засал
Нянгийн эсрэг эмчилгээ
Түрүү булчирхайн архаг үрэвслийн үндсэн эмчилгээ нь нянгийн эсрэг эмчилгээ юм. Антибиотик эмчилгээ өндөр үр дүнтэй байхын тулд доорх шаардлагыг хангасан байх ёстой.
1. Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэгчийн эсрэг өндөр үр дүнтэй грамм (-) нянгууд, микоплазм, уреаплазмд сайн үйлчилдэг байх ёстой.
2. Түрүү булчирхай дотор сайн нэвтрэн орж өндөр концентрациар хадгалагддаг байх. Түрүү булчирхай нь анатом физиологийн онцлогийн улмаас антибиотик эмүүд дотор нь ороход нилээн төвөгтэй эрхтэн учраас хэрэглэж болох эмүүд цөөн байдаг.Түрүү булчирхайн ациаус хана нь булчингийн эд багатай байдаг тул идэвхигүй хэлбэрээр доторх шүүрлээ шахаж гадагшлуулдаг, халдвар ороход дотор нь удаан хадгалагдах нөхцөл болдог.Халдварын процесс нь түрүү булчирхайн цулцангийн хөндийд явагддаг тул гадуураа бүрхүүл үүсгэж гадны нөхцөлд тэсвэртэй болдог. Ихэнх антибиотикууд түрүү булчирхай дотор муу ордог шалтгаан нь нь судаснаас халдварын голомт байгаа цулцангийн хөндийрүү тээвэрлэгддэг механизм байхгүйтай холбоотой. Түрүү булчирхай дотор идэвхитэй сайн ордог антибиотикууд бол ердөө фторхинолон тетрациклин, макролидын бүлгийн цөөхөн хэдэн антибиотик л байдаг.
3. Удаан хугацаагаар хэрэглэж болох эм байх ёстой.Түрүү булчирхайн үрэвслийн антибиотик эмчилгээ доод тал нь 4 долоо хоног байдаг тул удаан хугацаагаар хэрэглэж болох хоруу чанар багатай антибиотик байх ёстой. Түрүү булчирхайн үрэвслийн эхний сонголтын эмүүд фторхинолонууд байдаг. Учир нь өргөн хүрээтэй олон нян устгах чадвартай,үр дүнтэй аюулгүй. Өндөр тунгаар 4-6 долоо хоногоор уулгадаг. Фоторхинолоны бүлгийн антибиотик хэрэглэхэд тохиромжтой боловч дээрх эмийг бусад өвчнүүдийн үед хэргэлдэгээс болж тэсвэртэй нянгууд их болсон. Манай орны хувьд эмийн хэрэглээ ОХУ-тай ойролцоо байдаг., гэтэл ОХУ-д фоторхинолонд тэсвэртэй болсон нянгийн хэмжээ 20% хүрсэн нь европдоо хамгийн өндөрт орж байгаа Ципринол, Нолицин, Медоциприн гэх мэт фторхинолоны бүлгийн антибиотикын замбраагүй хэрэглээ нь нянгийн тэсвэртэй байдал ихээр үүсгэж байгаа бөгөөд улмаар эмчилгээ үр дүнгүй болох гол шалтгаан болж байгаа. Тетрациклин, макролидын бүлгийн антибиотикыг эсийн дотрох үүсгэгч болох Хламид, Микоплазм, Уреаплазм хавсарсан үед сонголтын эм болдог.Тетрацикллины бүлгийн антибиотик нь түрүү булчирхайд сайн нэвтэрч хуримтлагдах чадвартай байдаг. Аарцагны архаг өвдөлтийн хам шинжтэй өвчтөний шинжилгээн дээр нян илрээгүй боловч бас л антибиотик эмчилгээ хийх ёстой байдаг.Яагаад гэвэл шинжилгээн дээр илрээгүй нянгууд байж болно. Антибиотикийн хэрэглээг уух хэлбэрээр сонгодог. Хугацааг нь 4 долоо хоногоос доош болгохоор архаг түрүү булчирхайн үрэвсэл дахин сэдрэлтийн тоо олширдог. Антибиотик эмчилээг 2 долоо хоног хийгээд давтан шинжилгээ өгнө.Үр дүн өгч байвал 4-6 долоо хоног эмчилгээг үргэлжлүүлнэ.Хэрэв түрүү булчирхайн үрэвсэл үүсгэгч нь эс дотор үүсгэгдсэн бол молекул биологийн шинжилгээ хийж (P.C.R) илрүүлэх ёстой. Макролид болон Тетрациклины бүлгийн эмүүдийг хавсран хэрэглэх нь түрүү булчирохайн үрэвсэлд үр дүнтэй нь нотлогдсон.
α1 адреноблокаторууд
α1 адреноблокаторууд антибоитиктой хавсран түрүү булчирхайн үрэвслийн үед өргөн хэргэлдэг. α1 адреноблокаторууд нь түрүү булчирхай болон давсагны амсарын α1 адреноблокаторууд блоклож (хориг үүсгэж) шээсний доод замын бөглөрөлт болон цочролын шинж тэмдгүүдийг бууруулна, түрүү булчирхайн цулцангаас цоргоноос шүүрэл гадагшилж түрүү булчирхайг дренажлаж цэвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ. α1 адреноблокаторууд хэрэглэхээр түрүү булчирхайн үрэвслийн зовиур , өвдөлт багасаж, шээсний гаралт сайжирдаг. α1 адреноблокаторуудыг курсээр 4-12 долоо хоног хэрэглэх нь зохимжтой. α1 адреноблокаторын блокатор дотор тамсулозин шээсний замын, түрүү булчирхай, давсагны амсар,түрүү булчирхай орчимын шээсний сүвэнд сонгомлоор үйлчилдэг.Бусад α1 адреноблокаторууд α1β бусад рецедторуудад үйлчилдэг учир судас тэлэгдэн даралт бууруулаад байдаг.Тиймээс бага даралттай хүмүүст тунг тохируулах шаардлагатай байдаг. Тамсулозин хамгийн бага гаж нөлөөтэй α1 адреноблокатор , анхааруулах нэг зүйл нь үрийн шингэн давсганд орох явдал юм. Тамсулозин хэргэлсэн хүмүүсийн 3,1 % нь үрийн шингэн давсагруу дээш ороод сексийн дараа үрийн шингэн гарахгүй байгаад байдаг. Ургамлын гаралтай эмүүд түрүү булчирхайн үрэвслийн үед мөн ашиглагддаг. Цэцгийн тоосонцроос гаргаж авсан цернилтон гэдэг бэлдмэл 12 долоо хэрэглэхэд түрүү булчирхайн үрэвслийн үед NIN-CPSIоноо бууруулдаг. Пентосан полисульфатын (3*300 мг / хоногт) өндөр тун мөн эмнэлзүйн шинж тэмдэг багасгаж амьдралын чанар сайжруулдаг.
Физик эмчилгээнд: Лазер, цахилгаан соронз, дулаан зүү г.м олон физик эмчилгээний арга ашигладаг. Мэс засалын эмчилгээ бараг хийдэггүй . Өөр бусад өвчин жишээ нь түрүү булчирхайн томрол, давсагны амсарын нарийсал зэргийн үед мэс засал эмчилгээ хийгдэнэ. Түрүү булчирхайн үрэвсэлтэй удаан хугацаанд явсаар шинж тэмдэг нэмэгдэх тусам өвчтөний амьдралын чанар буурдаг. Сэтгэл санааны хямрал, стресс, бухимдал зэрэг асуудлууд үүсэх тул мөн чиглэсэн эмчилгээг хийлгэх шаардлагатай.
Шулуун гэдсээр түрүү булчирхай тэмтэрч үзээд дараа нь зөөлөн иллэг хийнэ улмаар түрүү булчирхайн шүүрэл гадагшилна. Энэ аргачилал нь зөвхөн дагнасан эмнэлэг мэргэжлийн эмчээр хийлгэх ёстой бөгөөд хурц үрэвсэл хорт хавдарын үед хийвэл аюултай байдаг.
Архаг түрүү булчирхайн үрэвслийн үед л түрүү булчирхайн массаж хийгдэнэ.
Массаж хийх эмч мань мэдлэг туршлагатайгаас гадна гарын мэдрэмж уртай байх хэрэгтэй , болхи ширүүн хийвэл шулуун гэдэс болон түрүү булчирхай гэмтээх аюултай.
түрүү булчирхай массаж хийснээр
- түрүү булчирхай цусан хангамж сайжирна
- түрүү булчирхайн тонус сайжирна
- түрүү булчирхай дотор антибиотик болон эмийн бодисууд орох нь сайжирна
- түрүү булчирхайн венийн болон тунгалгын эргэлт сайжирна
- түрүү булчирхай доторх цоргонууд нээгдэж шүүрэл нь сайн гадагшилж архаг бугшсан зүйлс архаг бэлгийн замын өвчин г.м. зүйлс гадагшилж цэвэрлэгдэнэ