11-328378      info@tse-pu.mn
link 1
link 3
MNC суваг

Бэлгийн хомхой

       Бэлгийн хомхой -  энэ бол энгийн херпес вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм./ЭХВ/ Өвчний  80%  нь ЭХВ-2,  20%  нь ЭХВ-1 хэв шинжээр үүсгэгддэг. ЭХВ-1 хэв шинж нь бидэнд элбэг тохиолддог уруулын  хомхой буюу энгийн херпесийг үүсгэдэг юм.Халдварлалт: Ам, шулуун гэдэс, үтрээгээр бэлгийн  хавьтал  орох үед бэлгийн  херпесээр халдварлаж болно. Үүнээс гадна жирэмсэн үед өвчтэй  эхээс  урагт  халдвар дамжиж болно. Банн, жорлонгийн суултуур, усан бассейн, нийтийн цагаан хэрэглэл, алчуураар  халдвар дамждаггүй.
Нууц хугацаа:  Анхдагч бэлгийн хомхойн нууц үе 1-26 хоногийн хооронд хэлбэлздэг (дунджаар 2-10 хоног).
Шинж тэмдэг: Өвчин шинж тэмдэгтэй ба шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр явагдаж болно.  Анхдагч бэлгийн хомхой  (өвдөж байгаа анхны тохиолдол) ба дахисан  (2 ба түүнээс дээш) хомхой гэж хуваадаг. Эхлээд загатнах, ирвэгнэх, өвдөх, гэмтсэн газраа хавдах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд толгой өвдөх, халуурах, бие эвгүйцэх шинжүүд дагалдаж болно. Хэд хоногийн дараа тунгалаг шингэнээр дүүргэгдсэн жижиг цэврүүнцэрүүд гарна. Цэврүүнцэр хагарч өвчин эмзэглэл бүхий улаан шархлаа үүснэ. Хэрэв шээсний сүвэнд  байрласан бол шээхэд өвдөж хорсож болно. 14 хоногийн хугацаанд тууралт аньж  эдгэнэ.
-Дахисан  хэлбэр нь анхдагч бэлгийн хомхойн шинжийг бодвол харьцангуй  хөнгөн явагддаг.   Энэ үед тууралт бага байхаас гадна биеийн ерөнхий зовиур бага илэрнэ (толгой өвдөх,халуурах, бие эвгүйрхэх г.м.).  Дахилт нь сэтгэл санааны тааламжгүй байдал, стресс, согтууруулах ундаа хэрэглэх, даарч  хөрөх, бусад халдварт өвчинд өртөх нь нөлөөлдөг байна. Мөн зөвхөн урьд нь гарч байсан тэр газраа гарах хандлагатай. Дахилтын үед тууралт 7-10 хоногийн туршид шимэгдэж  эдгэрдэг.- Бэлгийн хомхой заримдаа шинж тэмдэггүй явагддаг. Ийм халдварын үед бэлгийн хамтрагчид  халдвал шинж тэмдэггүй байж болно.
Хүндрэл:  Ихэвчлэн тохиолддог хүндрэл нь ууц нурууны мэдрэлийн үрэвсэл буюу радикулит юм.  Хүнд хэлбэрийн  хүндрэл бол  хүүхдийг үхэлд  хүргэж болох нярайн хомхой юм. Бэлгийн хомхойтой жирэмсэн  эхээс сүүлийн 3 сард урагт  халдах  магадлал  хамгийн өндөр байдаг. 
Урьдчилан сэргийлэх : Эрсдлийг бууруулахын тулд жирэмсэн эх болон түүний бэлгийн хамтрагчид ЭХВ-ийн эсрэг эсрэг бие тодорхойлох шаардлагатай. Хэрэв жирэмсэн эхэд эсрэг бие байхгүй, бэлгийн хамтрагчид нь байвал жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас татгалзахыг зөвлөдөг. Төрөхийн өмнө бэлгийн хомхойн шинж илэрвэл  кесарев хагалгаа хийх заалт болдог.